Friday, December 30, 2011

Facebook хамгаалалтаа чангатгана



Хойд Америкийн хэрэглэгчдээс гадна дэлхий даяар 500 сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн Facebook хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг хамгаалах тал дээр анхааран арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу гурван сарын хугацаанд шалгалт хийсний эцэст тус компани ийм алхам хийх зайлшгүй хэрэгтэй байгаагаа хүлээн зөвшөөрөв.

Ирландын Мэдээлал хамгаалах комиссоос дээрх шалгалтыг хийсэн юм. Facebook-ийн Ирланд дахь оффис Америк, Канадаас бусад орны хэрэглэгчдийг хариуцдаг ажээ. Шалгалтын мөрөөр хамгаалалтыг сайжруулах ажлыг ирэх зургаан сарын дотор хийж гүйцэтгэх юм байна. Хэрэглэгч фото зургаа өөрийн хуудсанд хуулах үеэр хөндлөнгийн хүн тэрхүү зургийг олж үзэх боломжтой гэдгийг сануулах, аливаа мэдээллийг хэрэглэгч өөрийн хуудаснаасаа маш хялбархан устгах боломжтой болох зэрэг ажлуудыг хийх гэнэ. Энэ ажлаа тайлагнасан албан ёсны мэдээллийг ирэх долдугаар сард олон нийтэд цацна. Өнгөрсөн сард Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зюкерберг хэрэглэгчийн хувийн нууцыг хадгалах тал дээр нэлээд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч мэдэгдсэн билээ.

Tuesday, December 20, 2011

Ардчилсан үзэлтэй блогчин эмэгтэй баривчлагдав

Бахрейны ардчилсан үзэлтэй блогчин эмэгтэй Зайнаб Аль-Хаважа энэ сарын 15-нд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдсан байна. Гэвч түүнийг өнөөдөр суллажээ.
Эх сурвалж www.time.mn

Wednesday, December 14, 2011

Хашааны газрыг гурав ба түүнээс дээш өрөө байраар! 100+...гэж молигодов

      Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороондоо "сэтгэлтэй" гурав сураггүй болжээ. Магадгүй энэ таны өнгөрсөн жилүүдийн хар бараан дурсамжийг сэдрээх байх. "Бид чадна. Итгэ. Бид бүтээнэ саналаа өгөөрэй" гэж хуга паналдаж байсан хамгийн ойрын цаг хугацаа руу өртөөлвөл 2008 оны сонгуулийн үе тодрон гарч ирнэ.Тэднийг Г.Өлзийбүрэн, Ч.Хандсүрэн, Н.Хишигдорж гэдэг. Сонгогчид аль хэдийнэ тэдний нэрийг нь мартчихсан байна лээ.

Дөрвөн жил буюу 1460 хоног хаагуур юу хийж явна вэ төлөөлөгчид өө! Дүүргийн чинь иргэд намгандаа, угаадсан дундаа аж төрсөн хэвээр л байхад санаа амар ажил бүтэж байна, тулгамдсан асуудлыг шийдэж чадна гэх зэргээр мэхлэсээр явна уу. Эрхэм төлөөлөгч та бүхнийг эрхлүүлэх гэж биш итгэл хүлээлгэж сонгосон гэдгийг арга нь барагдсан сонгогчид тань манай сонингийн энэхүү буланд хандлаа.

Тус төлөөлөгчид өнгөрсөн 2008 оны ИТХ-д МАН-аас нэр дэвшихдээ нэг дуугаар бидний уриа бол газар өмчлүүлэх л Хашаагаа гурав ба түүнээс дээш өрөө байраар 100+1" хэмээн хашгирч байснаа хар дарсан зүүдийг мартах адил огт санахгүй байна. Тэдний амлалтыг эргэн сануулвал:

-Оршин суугчдын өмчилж буй газрыг аль болох үнэд хүргэх чиглэлээр илүү түлхүү ажиллана.
-Газар өмчлөлгүй иргэдэд дэд бүтэц сайтай буюу байршил, ус, цахилгааны хангамж сайтай газар өмчлүүлэх бодлого барина.
- Нийтийн байрны хувьд эзэмших эрхийн гэрчилгээг олгуулна, мөн эрх зүйн байдлыг дээшлүүлнэ гэжээ.

Тэдний амлалт бодит биелэлээ олсон уу?
ИТХ-ын төлөөлөгч Г.Өлзийбүрэн дөрвөн жилийн өмнө миний баримталдаг зарчим бол итгэл даах явдал гэжээ. Боломжтой мэт даруухан мөрийн хөтөлбөрийн хачир болгож, сонгогчдын итгэлийг олж авахад ингэж хэлэх зайлшгүй хэрэгтэй байсан биз ээ. Харин тэдний VII тойрогт Сүхбаатар дүүргийн XI хороо харьяалагддаг.

Тус хороог бодлогоор ихээхэн харж үзэж, дэд бүтэцжүүлэх асуудлыг сонгогдсон төлөөлөгчдөөс нь илүү Нийслэлийн Засаг даргын тамгын газар хөгжүүлэх нь гэж иргэд баярлаж байсан нь талаар өнгөрч сонгуульд итгэх итгэлийг нь хөсөр хаяв. Тус хороонд хөрсөн доороос нь ус шүүрдэг учраас жорлон, муу усны нүх ухаж болдоггүй. Тиймээс айлууд угаадсаа гудамжиндаа асгадаг. Yep болохоор бохир ус нь гэрт нь орж ирдэг.

Хавар газар хэсэхээр шал нь доош сууж, өвөл болохоор хотойж хөлддөг нөхцөлд аж төрөн зутарч байна. Үүний улмаас халдварт өвчин байнга гардгийг хэлэх нь илүүц биз. Эндхийн айлуудыг энэ олон зовлонгоос нь салгах ганц гарц нь барилга барих. Үүнийг тэнэг хүн ч анзаарахаар учир төлөөлөгчид ингэж эмзэг асуудлыг хөндсөн хэрэг. Зуун айл орчмыг орон сууцны VII хороолол болгох төлөвлөгөө аль хэдийнэ батлагдаж, ажил эхлүүлээд дөрөв дэх жилийн нүүр үзэж байна.

Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байгуулах орон сууцны VII хорооллын Т хэсэгт барилга барих тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 146 тоот захирамж 2008 оны гуравдугаар сарын 27-ны өдөр гарчээ. Уг захирамжийн дагуу Орон сууцны санхүүжилтийн корпораци 2008 оны тавдугаар сараас "Төслийн нэгж" байгуулан, газар чөлөөлүүлэх ажлаа эхэлсэн.

Тус корпорацийн хоёр ажилтан үүнээс хойш бараг хоёр жил зарцуулан байж арайхийж 20 гаруй айлыг нүүлгэсэн. Уг нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны дөрөвдүгээр сарын 10-ны 47 дугаар тогтоолоор батласан тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар 2020 он гэхэд Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэрийн 210 га талбайд 10956 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байх ёстой.

Тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байх үед Зуун айлд барилгажаагүй 85.99 га газарт 2500 өрхийн 7350 хүн оршин сууж байсан бол одоо 6499 өрхийн 26521 хүн амьдарч байна. Тэгэхээр дөрвөн жилд эндээс 370 айл нүүлгэсэн. Харин энэ хойгуур өмнө нь байсан хүн ам нь гурав дахин өсчихөж. Иргэд хэрвээ хашаагаа гурав ба түүнээс дээш өрөө байраар сольсон бол газраа дуртайяа чөлөөлөөд л өгөх байсан хэмээн ярьж байна. Хаширсан хүнийг л хашир хүн гэдэг.

Иргэдийн итгэлээр тоглож ханаагүй тэдэнд ямар ч хариуцлага алга. Удахгүй ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хариуцлагаас мултрах гарц хайж, хийгээгүй ажлаа иргэд газраа чөлөөлж өгөөгүй улмаас хэрэгжүүлээгүй гэж хэргээ тохох гэж байгаа сурагтай. Одоо эрхэм төлөөлөгчид бүгд л тодорхой эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс болжээ.

Ч.Хандсүрэн тус хорооныхоо Засаг дарга, Г.Өлзийбүрэн өнгөрсөн хаврыг хүртэл дүүр-гийн хурлын тэргүүлэгчийн албыг хашдаг байсан бөгөөд мөн "Сентоза" ХХК-ийн захирал, Н.Хишигдорж "Шинэчлэл инвест" ХХК-ийн зөвлөлийн дарга ажээ. Тэдний амьдрал ахуй нь дээшлээд байхаас биш тойргийн иргэдийнх улам л доройтоод байх юм. Тэд ээлжит сонгуульд нэр дэвших талаар мөрөөдөж яваа байх, харин бид дахиж хууртахгүй хэмээн сонгогчид тань ярьцгааж байна төлөөлөгчид өө!

  Эх сурвалж: noyon.mn Б.НЭРГҮЙ

Thursday, December 8, 2011

Р.Чойном "Үг"

Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм
Халуун хүйтэн ямарч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно
Шархлуулж бас идгээж болно

Ярина гэдэг харин чанга дуугархын нэр биш
Яруу уран илтгэхийн нэр биш
Гагцхүү зөв сэтгэж зөв дуугархын нэр

Эсрэг талаа судлалгүйгээр
Эхэлж тулалдаанд ордоггүйн адил
Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр
Ямар үг түүнд тохируулах вэ?

Арслан заан шиг лут этгээдийг
Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй
Танк эсэргүүцэгч шиг хүчит үгээр бөмбөгдвөл
Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ?

Эхээс төрөхийн цорын ганцхан
Эвхмэл хутга шиг яриатай хүнийг
Дамаскийн илд шиг сүрт үгээр
Далайсан гарз шүү дээ

Байлдааны хуягт шиг хүний урдаас
Банз мод шиг үг хэлэх
Барын урдаас
Балиус барьсантай ижил

Утаа утаа бас дахин утаа

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнийг төрийн түшээдээс эхлээд хүн бүр л мэдэж байгаа. Утааг бууруулах чиглэлээр засгийн газар цэвэр агаар төсөл боловсруулаад хэрэгжүүлж эхэлсэн ч сэтгэл эмзэглүүлмээр мэдээ шилээ даган гарч ирсээр. 2011 оны "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага"-ын судалгаагаар манай улс агаарын бохирдлоороо аман хүзүүнд орсон аймшигт дүн гарсан. Үүний уршгаар төрөл бүрийн өвчин эмгэгтэй хүүхдүүд төрж, утаа угаар нь хүний генд нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ. Энэ хэвээр байвал эрүүл ураг бойжих магадлал тун бага байгаа юм. Харин агаарын бохирдлоос биднийг аврах нэгэн бэрд гарч ирсэн нь турк улсад үйлдвэрлэсэн "өлзий" зуух. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай л сурталчилсан. Гэвч реклам бодит амьдрал хоёр өдөр шөнө шиг л хол зөрүүтэй, бидний хульхин дээр цэцэг ургуулчихаж байгаа юм. Сайн тунгаавал энэ утаа, хэн нэгний хэтэвчээрээ таргалах боломж, бизнессийн бодлого болж хувирлаа. "Утааг багасгах Монгол зуух, үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" гэсэн уриайтай шинэ зуух гарч ирсэн нь үүний нэг жишээ. Өлзий зуухыг худалдаж авах уу? үгүй юу? гэж толгойгоо гашилгаж байхад бас нэгэн бэрд гарч ирээд ард иргэдийг төөрөлдүүлж байгаа юм. Монгол Монголоо утаан дээр нь дөрөөлөн мөлжсөөр байх шиг. Хэрэв өөрийн ашиг сонирхолыг бодсон зусарч нөхдүүд олон байвал манай улс утаагаараа дэлхийд тэргүүлж, өвчин зовлонгийн үүр болохнээ.

Thursday, November 10, 2011

Сонгууль ч гоё шүү


Сонгууль дөхөөд ирэхээр манай гудам өнгө орох юм аа. Шороон замыг нь засаад л, гэрлүүдийг нь сольж тавиад л. Харамсалтай нь санал хураалт дууссаны маргааш буцаагаад аваад явчихдаг юм хаха. Нэр дэвшигчид эээ гэж.

Saturday, November 5, 2011

Болиоч дээ

Хүмүүс чадаж байгаа нэгнээ дандаа муулж, доош нь татаж чангаах юм. Өөрөө юуч хийж чадаагүй атлаа өөр хэн нэгний хүч хөдөлмөрөө зарцуулсан зүйлийг үгүйсгээд л. Зарим нэг нь энэ чинь Монголчуудын зан гээд л тоох ч үгүй өнгөрөх юм. Яг хэдий хүртэл ийм бохир байх гэж. Дайнд чамаас олон хүн хөнөөсөн нөхрөө чи буруутган өөрийг нь хөнөөх үү? Ийм зүйл байж болохгүй мэт санагдана. Далан зургааг муулаад л байдаг, чадаж байгаагаа унагаад байвал та нар тэднээс ялгагдахгүй шүү дээ. Одоо энэ заваан зангаа больё оо.

Thursday, November 3, 2011

Тайлан мэдээ "Радио сэтгүүл зүй"

Хүнсний дэлгүүрүүд муудсан өндөг зарж худалдан авагчид эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байна. Чингэлтэй дүүргийн 7-р хорооны "Оч" хүнсний дэлгүүрт ийм зөрчил гарчээ. Муудсан өндөг авч хохирсон Ү.Цогоогийн яриагаар:

Та өндөгнүүдээ хэзээ яг аль худалдагчаас авсан бэ?
Би өглөө яг энэ худалдагчаас авсан байхгүй юу. Тэгээд харин өндгөө шарах гэсэн чинь хав хар юм дотроос нь гарч ирээд муудчихсан байсан.

Худалдагчид нь та тэр дор нь үзүүлсэн үү?
Үзүүлсэн би бүүр гялгар торонд нь хийж үзүүлсэн. Тэгсэн энэ худалдагч манай өндөг биш байна, манайх ийм өндөг зардаггүй гээд мэлзээд байгаа юм.

Харин "Оч" хүнсний дулгүүрийн худалдагч муудсан өндөг зараагүй гэж хэллээ.

Танаас энэ хүн өндөг авсан юм байна. Та муудсан өндөг зарж байгаагаа мэдсэн үү?
Энэ хүн худлаа яриад байгаа байхгүй юу. Манайх ийм өндөг ерөөсөө зардаггүй. Өнөөдөр манайх өндөг зараач үгүй. 

Худалдагч ингэж хэлж байгаач борлуулсан барааны дэвтрийг нь шалгахад өндөг зарсан нь нотлогдож, муудсан өндөг ч лангуун дээр байсан өндөгнүүдтэй адилхан байсан юм. Иймээс худалдан авагчдад анхааруулахад баталгаатай хүнсний бүтээгдэхүүн авахыг зөвлөе.

Харанхуй

Нүд минь нээлттэй атлаа аниастай юм шиг л алхана
Нар бүгдийг гийгүүлдэгч тусах туяа үгүй нь харанхуйгаас залхана
Урд хойно эргэн тойронд муу зүйлс олон харанхуй намайг халхална
Унхиагүй яваадаа харамсаж хамаг бие салгалана
                                               *  *  *
Хийсэн зүйлгүй атлаа хэнэг ч үгүй явна
Хэтэрхий их цаг хугацааг хогийн саванд хаясан байна
Үе тэнгийхэн маань үр хүүхэд гээд явж байхад би яана
Үргэлж энэ харанхуйтай зууралдаж амьдрах вий гэхээс айна
                                                *  *  *
Үнэн худал хоёрын аль нь яг харанхуйлна вэ?
Үхэх хүртэл энэ богинохон хугацаанд аль нь товойж дарангуйлна вэ?
Яагаад намайг хар цагаан 2 дааруулна вэ?
Яг хэн нь намайг амьдралд яаруулна вэ?
                                                *  *  *
Хүслээрээ амьдарч чадахгүйгээс хойш хүний эрхшээлд зовъё
Хүн болж яах гэж төрсөн гэдгээ шөнө орондоо бодъё
Зүүдэндээ л харанхуйгаас ангижирч алсын гэрэл гэгээрүү одъё
Золжаргал гэгч хэн болохыг зургаан талт шоогоор шодъё

Аз жаргал

Аз жаргал ойрхон байна
Амьд явах аз жаргал байна
Алдсан ч буцаад бат зогсох аз жаргал байна
Ажиллаад цалингаа авах нэг аз жаргал байна
Аз жаргал ойрхон байна

Аз жаргал ойрхон байна
Хайрлаж дурлах аз жаргал байна
Халаас нимгэн ч эрх чөлөөтэй алхах аз жаргал байна
Хангалуун бус тайван сайхан амьдрах аз жаргал байна
Аз жаргал ойрхон байна

Аз жаргал ойрхон байна
Автобусанд амжиж суух аз жаргал байна
Анхны хайртай учрах аз жаргал байна
Амьсгалах агаар цэвэр аз жаргал байна
Аз жаргал ойрхон байна

Аз жаргал ойрхон байна
Удаан уулзаагүй найзтайгаа уулзах аз жаргал байна
Уянгалаг аялгуу сонсох аз жаргал байна
Утсанд чинь дуудлага, захиа ирэх аз жаргал байна
Аз жаргал ойрхон байна