Sunday, January 1, 2012

Шинэ жилийг анхлан тэмдэглэгч Д.Нацагдорж

Жилдээ ганцхан цагаан сараас өөр баярлаж цэнгэхийг төдийлөн мэддэггүй байсан Монголчууд XX зууны эхэн хагасаас "Ёлка" хэмээх шинэ баярыг тэмдэглэдэг болсон. Гэхдээ хувьсгалаас өмнө буюу Богд хаант засаглалын үед Монголд америк, орос хүмүүс амьдарч байсан учраас тэмдэглэдэг байсан талаар зарим баримтад тэмдэглэгдсэн байдаг.

Харин Монголчууд тэмдэглэх болсон анхны суурийг Их зохиолч Д.Нацагдорж тавьсан байдаг аж.

Тэрбээр Германд сурч байгаад ирэхдээ энэ баярын учир утгыг мэдэж хэсэг сэхээтнүүд 1933 онд "Ёлка" гэдгийг анх тэмдэглэсэн удаатай.

Д.Нацагдорж өөрийн амьдарч байсан хоёр өрөө байшиндаа зохиолч Д.Намдаг, Д.Наваанюүндэн, өврийн эхнэр Нина Шистакова, өөр хэдэн орос эмэгтэйн хамт "ёлка" тэмдэглэжээ. Тэд тухайн үедээ манайд ховорхон үзэгддэг барууны өндөр шилтэй архи дарс тавьж ихээхэн тансаг ширээ зассан байсан гэнэ. Шинэ жил тэмдэглэж буй зураг нь одоо Д.Нацагдоржийн музейд хадгалагдаж буй.

Удалгүй хоёр хоногийн дараа Дотоод яамнаас Д.Нацагдоржийг дуудан баривчилжээ. Цуг тэмдэглэсэн нөхөд нь сураггүй дайжицгаасан гэдэг. Түүнийг хөрөнгөтнүүдийн баярыг хийсэн, нөгөөтэйгүүр нууцаар бүлгийн хурал хийсэн хэмээн хэлмэгдүүлж байсан юм байна. Их зохиолч маань ингэж "ёлка" гэдгийг анх тэмдэглэсэн хэргээр зургаан сар суугаад гарсан удаатай. Үүнээс хойш нэг хэсэг нам жим болжээ.

Харин 1940 өөд оны эхэн дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Лувсан ЗХУ-д явж ирээд "орос ах нарын баяр ёлка гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм байна" гэж ярьснаар анх сургууль соёлын газруудад тэмдэглэгдэж эхэлжээ. Ийнхүү Их зохиолч Д.Нацагдоржийн анх тэмдэглэсэн ёлка буюу шинэ жилийн баяр олон арван жилийн шалгуураар өнөөдрийг хүрч ирэхдээ монголчуудын хамгийн өргөн тэмдэглэдэг сайхан баярын нэг болжээ.