Wednesday, December 14, 2011

Хашааны газрыг гурав ба түүнээс дээш өрөө байраар! 100+...гэж молигодов

      Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороондоо "сэтгэлтэй" гурав сураггүй болжээ. Магадгүй энэ таны өнгөрсөн жилүүдийн хар бараан дурсамжийг сэдрээх байх. "Бид чадна. Итгэ. Бид бүтээнэ саналаа өгөөрэй" гэж хуга паналдаж байсан хамгийн ойрын цаг хугацаа руу өртөөлвөл 2008 оны сонгуулийн үе тодрон гарч ирнэ.Тэднийг Г.Өлзийбүрэн, Ч.Хандсүрэн, Н.Хишигдорж гэдэг. Сонгогчид аль хэдийнэ тэдний нэрийг нь мартчихсан байна лээ.

Дөрвөн жил буюу 1460 хоног хаагуур юу хийж явна вэ төлөөлөгчид өө! Дүүргийн чинь иргэд намгандаа, угаадсан дундаа аж төрсөн хэвээр л байхад санаа амар ажил бүтэж байна, тулгамдсан асуудлыг шийдэж чадна гэх зэргээр мэхлэсээр явна уу. Эрхэм төлөөлөгч та бүхнийг эрхлүүлэх гэж биш итгэл хүлээлгэж сонгосон гэдгийг арга нь барагдсан сонгогчид тань манай сонингийн энэхүү буланд хандлаа.

Тус төлөөлөгчид өнгөрсөн 2008 оны ИТХ-д МАН-аас нэр дэвшихдээ нэг дуугаар бидний уриа бол газар өмчлүүлэх л Хашаагаа гурав ба түүнээс дээш өрөө байраар 100+1" хэмээн хашгирч байснаа хар дарсан зүүдийг мартах адил огт санахгүй байна. Тэдний амлалтыг эргэн сануулвал:

-Оршин суугчдын өмчилж буй газрыг аль болох үнэд хүргэх чиглэлээр илүү түлхүү ажиллана.
-Газар өмчлөлгүй иргэдэд дэд бүтэц сайтай буюу байршил, ус, цахилгааны хангамж сайтай газар өмчлүүлэх бодлого барина.
- Нийтийн байрны хувьд эзэмших эрхийн гэрчилгээг олгуулна, мөн эрх зүйн байдлыг дээшлүүлнэ гэжээ.

Тэдний амлалт бодит биелэлээ олсон уу?
ИТХ-ын төлөөлөгч Г.Өлзийбүрэн дөрвөн жилийн өмнө миний баримталдаг зарчим бол итгэл даах явдал гэжээ. Боломжтой мэт даруухан мөрийн хөтөлбөрийн хачир болгож, сонгогчдын итгэлийг олж авахад ингэж хэлэх зайлшгүй хэрэгтэй байсан биз ээ. Харин тэдний VII тойрогт Сүхбаатар дүүргийн XI хороо харьяалагддаг.

Тус хороог бодлогоор ихээхэн харж үзэж, дэд бүтэцжүүлэх асуудлыг сонгогдсон төлөөлөгчдөөс нь илүү Нийслэлийн Засаг даргын тамгын газар хөгжүүлэх нь гэж иргэд баярлаж байсан нь талаар өнгөрч сонгуульд итгэх итгэлийг нь хөсөр хаяв. Тус хороонд хөрсөн доороос нь ус шүүрдэг учраас жорлон, муу усны нүх ухаж болдоггүй. Тиймээс айлууд угаадсаа гудамжиндаа асгадаг. Yep болохоор бохир ус нь гэрт нь орж ирдэг.

Хавар газар хэсэхээр шал нь доош сууж, өвөл болохоор хотойж хөлддөг нөхцөлд аж төрөн зутарч байна. Үүний улмаас халдварт өвчин байнга гардгийг хэлэх нь илүүц биз. Эндхийн айлуудыг энэ олон зовлонгоос нь салгах ганц гарц нь барилга барих. Үүнийг тэнэг хүн ч анзаарахаар учир төлөөлөгчид ингэж эмзэг асуудлыг хөндсөн хэрэг. Зуун айл орчмыг орон сууцны VII хороолол болгох төлөвлөгөө аль хэдийнэ батлагдаж, ажил эхлүүлээд дөрөв дэх жилийн нүүр үзэж байна.

Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байгуулах орон сууцны VII хорооллын Т хэсэгт барилга барих тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 146 тоот захирамж 2008 оны гуравдугаар сарын 27-ны өдөр гарчээ. Уг захирамжийн дагуу Орон сууцны санхүүжилтийн корпораци 2008 оны тавдугаар сараас "Төслийн нэгж" байгуулан, газар чөлөөлүүлэх ажлаа эхэлсэн.

Тус корпорацийн хоёр ажилтан үүнээс хойш бараг хоёр жил зарцуулан байж арайхийж 20 гаруй айлыг нүүлгэсэн. Уг нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны дөрөвдүгээр сарын 10-ны 47 дугаар тогтоолоор батласан тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар 2020 он гэхэд Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэрийн 210 га талбайд 10956 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байх ёстой.

Тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байх үед Зуун айлд барилгажаагүй 85.99 га газарт 2500 өрхийн 7350 хүн оршин сууж байсан бол одоо 6499 өрхийн 26521 хүн амьдарч байна. Тэгэхээр дөрвөн жилд эндээс 370 айл нүүлгэсэн. Харин энэ хойгуур өмнө нь байсан хүн ам нь гурав дахин өсчихөж. Иргэд хэрвээ хашаагаа гурав ба түүнээс дээш өрөө байраар сольсон бол газраа дуртайяа чөлөөлөөд л өгөх байсан хэмээн ярьж байна. Хаширсан хүнийг л хашир хүн гэдэг.

Иргэдийн итгэлээр тоглож ханаагүй тэдэнд ямар ч хариуцлага алга. Удахгүй ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хариуцлагаас мултрах гарц хайж, хийгээгүй ажлаа иргэд газраа чөлөөлж өгөөгүй улмаас хэрэгжүүлээгүй гэж хэргээ тохох гэж байгаа сурагтай. Одоо эрхэм төлөөлөгчид бүгд л тодорхой эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс болжээ.

Ч.Хандсүрэн тус хорооныхоо Засаг дарга, Г.Өлзийбүрэн өнгөрсөн хаврыг хүртэл дүүр-гийн хурлын тэргүүлэгчийн албыг хашдаг байсан бөгөөд мөн "Сентоза" ХХК-ийн захирал, Н.Хишигдорж "Шинэчлэл инвест" ХХК-ийн зөвлөлийн дарга ажээ. Тэдний амьдрал ахуй нь дээшлээд байхаас биш тойргийн иргэдийнх улам л доройтоод байх юм. Тэд ээлжит сонгуульд нэр дэвших талаар мөрөөдөж яваа байх, харин бид дахиж хууртахгүй хэмээн сонгогчид тань ярьцгааж байна төлөөлөгчид өө!

  Эх сурвалж: noyon.mn Б.НЭРГҮЙ

No comments:

Post a Comment